Дэлхий нийтэд мэдээлэл, харилцаа холбооны технологи асар хурдацтай хөгжсөөр байна.
Бид энэ хөгжлөөс алхам ч хоцорч болохгүй бөгөөд шинэ технологи, шинэ хэрэглээ бүрийг дэмжиж ажиллах зарчим баримтлах нь зүйн хэрэг билээ. Монгол Улсын Засгийн газар Мэдээлэл Харилцаа Холбооны Технологи (МХХТ)-ийг нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд бүтээлчээр нэвтрүүлэх зорилт тавин үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон зарлаж тус салбарт зах зээлийн өрсөлдөөнт орчныг нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологи нутагшуулах, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгсөөр ирлээ. Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газар нь 2004 оноос хойш цахим засаглал, цахим арилжаа, цахим хэлцэл, цахим гарын үсэг зэрэг мэдээллийн технологид тулгуурласан харилцааны зохицуулалт, хууль эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэхийн тулд мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, мэдээлэл, харилцаа холбооны багц хуулийн төсөл, түүнтэй холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулан бүх нийтэд хэлэлцүүлж, УИХ, Засгийн газарт танилцуулаад байна. Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх зорилт, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг Улсын төсөв, Дэлхийн банк, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2006-2009 онд 139,7 тэр бум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлсэнээс 26 тэрбум төгрөгийг Улсын төсвийн, бусдыг гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж байна. Саяхан 2009 оны 8 дугаар сард БНСУ-ын Засгийн газрын тусламжаар Үндэсний дата төвийг байгуулж үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэхүү төв байгуулагдсанаар бүртгэл, мэдээллийн нэгдмэл байдлыг хангах, төрийн үйл ажиллагааг шуурхай, хүнд сурталгүй болгох, төрийн ой санамжийг сайжруулж мэдээллийн аюулгүй байдлын эсрдлээс сэргийлэх сайхан боломжийг нээж байгаа юм. Засгийн газраас дэвшүүлсэн 5 төгөлдөршлийн нэг болох “Үндэсний бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус салбарынхан өндөр оролцоотой байгаа бөгөөд нэгдсэн бүртгэлийн сүлжээний загвар дизайн, програм хангамж, техник, технологийн оновчтой шийдлийг гаргахаар эрчимтэй ажиллаж байна. Сүүлийн 5 жилд мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээнд 5997 км өргөтгөл хийгдэж, өндөр хурдын шилэн кабелийн сүлжээ 11073 км хүрч, нийт 139 сум, суурин энэ сүлжээнд холбогдоод байна. Цаашид ч үндсэн сүлжээгээ өргөжүүлж, орчин үеийн мэдээлэл, холбооны үйлчилгээг хөдөөгийн хүн амд жигд хүргэх зорилготой 148 сум, суурин газрыг шилэн кабелийн сүлжээнд холбох, 21 аймгийг интернэт протоколд суурилсан 10 Гб/с хүчин чадалтай сүлжээ байгуулах их ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлын дүнд хот хөдөөгийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээний ялгаа буюу “digital divide” багасч интернэтийн хэрэглээ хөдөө, орон нутагт нэмэгдэх юм. Монгол Улсын бүх сумдад үүрэн телефон холбооны үйлчилгээ нэвтэрч, хүн амын 70 хувь нь үүрэн телефон холбоо хэрэглэж байна.
Сүүлд шинэчилэгдсэн (Баасан, 2010 Зургадугаар сар 04 05:48)
© 2009 NEC