Өнөө цагийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбар бол мэдээллийн технологи гэдэгтэй маргах хүн гарахгүй. Харин энэ хөгжлийн үсрэлтийн тулгуур шидэгч нь програм хангамж, түүний зохиогч нар юм.
Алдартай Microsoft, Apple, Google, Nokia, Samsung, Motorolla гэх мэт мэдээллийн технологийн дэлхийн зах зээл дээр давамгайлдаг тоглогчид үндсэндээ програмистуудын оюуны бүтээлийг борлуулж байдаг. Өөр өөрийн систем, өөр өөрийн програмыг хэрэглэгчдийн хүртээл болгох замаар эхлүүлсэн тэдний бизнес одоо хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэглээ болжээ.
Компьютер, гар утас, телевиз гэх мэт хэрэглэгчийн төхөөрөмжүүд суурь програмгүй бол зүгээр л хайрцаг. Харин эдгээрийн програм, үйлдлийн системийг улам боловсронгуй болгох замаар ганцхан төхөөрөмжид телефон холбоо, интернэт, зурагт, радио болон факс, мессэж гэх мэт өгөгдөл дамжуулалт зэргийг бүгдийг нь багтаах технологийн нэгдэн нийлэлтийн ид үед бид амьдарч байна. Цаашлаад улс орнууд төрийн, төрийн бус болон бизнесийн бүх үйлчилгээг виртуал системд шилжүүлж, шуурхай, шударга, байнгын тасралтгүй болгохыг зорьж байгаа нь энэ цаг үеийн онцлог бөгөөд гарцаагүй хийх учиртай ажил болоод байна.
Хүн төрөлхтний зорьж яваа чиг зүгээс бид ч бас гажиж хазайх учиргүй. Харин энэхүү хөгжлийн хандлагад манай үндэсний боловсон хүчнүүд буюу програмистууд, инженерүүд маань бэлэн байгаа юу? Бид юуг хийх, юуг чадах, юуг сурах ёстой вэ? Бидэнд оюуны чадавхийн ямар боломжууд, хаана хаана байна вэ?
Хачин ерөнхий мэт хэрнээ зайлшгүй тавихаас аргагүй эдгээр асуултуудад хариу олохоор манай програм хангамж зохиогчид, үйлдвэрлэгчид өнөөдөр хуран чууллаа. Уг уулзалтыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар (МШХХТГ), Мэдээллийн технологийн Үндэсний Парк, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулав. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ МШХХТГ-ын дарга Ж.Сансар, үндэсний програм зохиогч инженерүүдийн үүрэг нь улс орны хөгжлийн чиг хандлагад нэн чухал байр суурьтайг онцолж, ялангуяа төр засгийн цахим үйл ажиллагаа гадаадын програм хангамжийн компаниуд, тэдний бүтээлүүдээс хараат, хамааралт байж таарахгүй бөгөөд үүнээс сэргийлэх цорын ганц зам бол зайлшгүй хийгдэхээс аргагүй цахимжуулалтын бүх үе шатанд үндэсний програмистуудыг татан оролцуулж, тэдний бүтээлүүдээр суурь шийдлүүдийг програмчлан эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдасгуур болгох явдал болохыг дурдлаа.
Уулзалтад Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох Үндэсний хороо энэ онд болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх төслүүдээ танилцуулав. Албан бичиг тамгалж, гарын үсэг зурж, дугтуйлан солилцдог төрийн байгууллагуудын хоцрогдсон ажиллагааг цахим болгох систем, иргэнийг нэг утгатайгаар илэрхийлж чадах, өндөр нууцлалтай, олон хэрэглээ бүхий “ухаалаг карт”-ын технологид тулгуурласан иргэний үнэмлэхний систем, түүний уншилт, танилт, хяналтын системүүд, монгол хүмүүсийн бүхий л бүртгэл, мэдээллийг агуулсан цахим архивын систем, Орон зайн мэдээллийн системийн дэд бүтцэд суурилсан хаягжилтын систем гэх мэт суурь програм хангамж шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг үндэсний програм хангамж зохиогчид, үйлдвэрлэгчдэд уриаллаа.
МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
2010.01.20
© 2009 NEC