Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын чиглэл болгосноор харилцаа холбооны үйлчилгээний үнэ тарифт өнөөг хүртэл мөрдөж ирсэн хот, хөдөөгийн ялгааг байхгүй болгоод байна. Энэ нь манай харилцаа холбооны салбарт цоо шинээр хэрэгжүүлж байгаа газар зүйн байрлалаас үл хамаарах ижил тарифаар үйлчилгээ авах боломжийг анх удаа хэрэглэгчдэд нээсэн түүхэн шийдвэр юм. Өнөөдөр Ерөнхий сайд С.Батболд эл шийдвэрийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар, Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, МЦХ компаний захирлуудын хамт баталгаажуулан, баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцов.
Өмнө нь “хот хооронд”, “хотын дотор” гэсэн эрс ялгаатай тариф мөрдөгдөж байсныг ижил үнийн горимд шилжүүлсэн дээрх шийдвэр өнөөдрөөс эхлэн орон даяар албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн юм. Ингэснээр нийслэлээс 1000 км-ийн алсад суугаа үүрэн телефоны хэрэглэгч Улаанбаатарт байгаа МЦХ ХК-ийн хэрэглэгч рүү хотын доторх хоёр хүн хоорондоо ярилцаж байгаатай ижил үнээр ярих болж буй юм. Эсвэл Улаанбаатараас, Ховд руу ч юмуу, Дорнод аймаг руу ярихдаа Долоон буудал руу залгаж байгаатай ижил төлбөр төлнө гэсэн үг. Харин үүрэн болон суурин телефоны оператор компаниуд өөр хоорондоо харилцан адилгүй үнэ төлбөртэйг хэрэглэгчид сайн мэдэж буй. Ямар гар утас хэрэглэж байна, түүнийхээ тарифаар л төлбөрөө төлөх юм. Алсын зайн гэгдэх “хот хоорондын” нэмэлт төлбөрийг хойшид бид хэзээ ч төлөхгүй нь.
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт болсон баримт бичигт гарын үсэг зурах ажиллагааны үеэр Ерөнхий сайд, монгол хүн л гэж байхаас биш, хотын, хөдөөний хүн гэх ялгаа арилсныг, хот, хөдөөгийн хоорондын зай “агшсаныг” албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ шийдвэр орон нутгийн хэрэглэгчдийн, тэр дундаа алслагдсан аймаг, нутгийнхны хувьд ярианы төлбөрийг үлэмж хэмжээгээр бууруулж буй бодлогын алхам болохыг ч дурдлаа.
Хэдхэн хоногийн дараа буюу 2 дугаар сарын 1-нээс интернэтийн үнийг ч бас газарзүйн буюу хол, ойрын зайны ялгаваргүй тарифт шилжүүлэн мөрдүүлэхээр Харилцаа холбооны зохицуулах хороо шийдвэрлээд байгааг ч Ерөнхий сайд энэ үеэр мэдэгдлээ. Үүний үр дүнд хөдөөгийнхний интернэтийн үнэ дунджаар 4 дахин буурч байгаа юм. Одоо цахим техник, технологи ашиглан дэлхий нийттэй харилцаж, тэр хэрээрээ хүн төрөлхтөнтэй хөл нийлэн хөгжих боломж монгол хүн бүрт ижил тэгш олгогдох болж буй юм. Цаашлаад мэдлэг чадвараа дээшлүүлж, түүнийгээ “экспортлож”, амьдрал ахуйгаа өөд татан, улмаар ус нутгаа, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүд хаалга монгол хүн бүрийн өмнө ав адилхан нээлттэй болох юм.
МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
2010.01.19
Сүүлд шинэчилэгдсэн (Баасан, 2010 Нэгдүгээр сар 22 09:54)
© 2009 NEC